1921 оны ардын хувьсгалаас өмнө хөнгөн атлетикийн спорт нийт ард түмнийг хамарч байгаагүй ч мориноос хурдан гүйдэг, дээс харайх, мод шидэх, ширэн оосортой чулуу /дүүгүүр шидэхтэй төстэй/ шидэх, бугуйлаар цаламдах, цэц мэргэнээ сорьдог хүмүүс байжээ. Тэдний тухай ам дамжин яригдаж ирсэн зарим жишээг дурдахад 19-р зууны сүүл 20-р зууны эхэн /1862-1964/ үед хуучин Түшээт хан аймгийн Боржигон Цэцэн Вангийн хошууны /одоогийн Төв аймгийн Баянжаргалан сум/ нутагт Мижидийн Тавхай буюу нутгийнхны нэрлэсэнээ ”Гялан Тавхай” гэдэг хүн байсан ажээ. Тавхай хурдны хувьд гарамгай, холын зайд бусдаасаа илүү байжээ. Нутагт нь үе чацуутан Данайн Гэндэн, Бөөр Яринпил гэдэг гайхамшигтай хурдан хүмүүс бас байжээ. Гялан Тавхай ядарсан зарим нөхөддөө явганаар улаа нэхэж яруу ажлаар дүрэмдэх элч нарыг голон зам хөөдөг, гурван өртөө газрыг гудиггүйхэн нэхчихдэг нэгэн байв. Мөн Говь-Алтай аймгийн “Эх хөлт” хэмээх хүн, Ховд, Дундговь аймгийн хурдан гүйгч Ишгэн, Жамбалжав нарын хүмүүс нутгийнхаа зартай хурдан халиу хэмээх морьтой уралдан түрүүлж байсан тухай домог яриа Монголчууд гүйлтийн ямар ч зайд гүйх чадвартайн нотолгоо болгон төгсгөе.

Автономит Монгол улс 1911 онд байгуулагдаж, Орос цэргийн сургагч нарыг урин ирүүлж Монгол цэргийн дарга нарыг бартаат газар гүйх, уртад харайх, чулуу алсад шидэх зэрэгт сургаж ийм журмаар дайчдын бие бялдарыг чийрэгжүүлэн зэвсэгтэй болон зэвсэггүй гүйлгэх замаар хөнгөн атлетикийн зарим төрөл хөгжих эхлэл суурь тавигдсан юм. 1924 оны дунд үеэс хөнгөн атлетикийн сонгомол төрөл дэлгэрч гүйлтийг 1000м, кросс гүйлт, харайлт, мөн гранат шидэх төрлөөр хичээллүүлж эхэлсэн. 1931 онд биеийн тамирыг сайжруулах нэртэйгээр “Бага цэнгэлдэх хүрээлэн”-г байгуулж улмаар 1936 оноос спорт клуб “Хүч”, “Хилчин” байгуулагдаж, хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн зохиож үзүүлэх тоглолт хйидэг байсан нь уг спортыг ард олонд сурталчилахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн 1946 онд Улаанбаатар хотод спортын сайн дурын “Ард”, “Соёл”, “Хөдөлмөр”, “Цэрэг” зэрэг нийгэмлэгүүд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсанаар хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1947 оны 4-р сарын 25-ны өдрийн шийдвэрээр Биеийн тамир, спортын улсын нэгдсэн бодлогыг эрхлэх төв байгууллаг байгуулагдаж, улмаар 1960 онд Монголын Биеийн тамир, Спорт Эвлэлийн Төв зөвлөл /МБТСЭ/ нэртэй олон нийтийн байгууллага болон өргөжив.

Биеийн тамир спортын төв байгууллага бий болсоноор хөнгөн атлетикийн спорт нийтийн хүртээл болж, 1958 оноос ерөнхий боловсролын болон тусгай дунд, их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт заавал орох хичээлд хөнгөн атлетикийн хичээл орох болсон ба 1958 онд БНХАУ-ын техник санхүүгийн тусламжаар спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд орж тамирчид бэлтгэл сургуулилт хийх, уралдаан тэмцээн зохион явуулах боломж нээгдэн, хөнгөн атлетикийн спорт эрчимтэй хөгжих шатандаа орсон.

1960 онд Монголын Биеийн тамир спорт эвлэлийн анхдугаар их хурал болж

<<Хүн бүхэн гимнастик хийцгээе

Хүүхэд бүрийг тамирчин болгоё

Тойрон аялалд оролцоцгооё

Тэмдэгтийн нормыг биелүүлцгээе

Алдарт тамирчин төрүүлцгээе>> гэсэн уриаг дэвшүүлж билээ.

1960-1961 оны хичээлийн жилээс эхлэн анги сургууль төгсөхдөө ХБХБ тэмдгийн 1,2,3 ангилалын нормативт 100м, 1500м, урт, өндрийн харайлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөл орж, 3 шатны нормыг заавал биелүүлэх журам тогтов.  Норм биелүүлэгчид тэмдэг, хүндэт үнэмлэх олгож эхэлсэн юм. Спортын сайн дурын нийгэмлэгүүдийн дэргэд хөнгөн атлетикийн секц бүлгэмүүд тогтмол хичээллэдэг болсон. МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 1962 оны 11-р сарын 24-ний өдрийн 363-р тогтоолоор Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд “Хотын нийгэмлэгүүдийг удирдах товчоо” анх байгуулагдаж тус товчоог 1965 онд “Хотын биеийн тамир спортын зөвлөл” 1979 оноос “хотын биеийн тамир спортын хороо” нэртэйгээр өөрчлөгдөж “Замчин”, “Барилгачин”, “Хоршоолол”, Хөдөлмөр”, “Залгамжлагч”, нийгэмлэгүүдээс гадна МУИС, УБДС, АУДС, ХААДС-ын дэргэд хөнгөн атлетикийн секц бүлгэмүүд хичээллэж, нийслэл хотод зохиогдох хөнгөн атлетикийн спорт тэмцээнүүдийг зохион байгуулж байв.

Хөнгөн атлетикийн спортын төрлөөр Хотын спартикиад, Пионер сурагчдын спартикиад, Дүүргийн аварга, Үйлдвэрчний эвлэлийн спартикиад, Эмэгтэйчүүдийн спартикиад, хотын аварга, өсвөр үеийн аварга, дөрвөн төрөлтийн улсын аварга, МБАТ-ын спартикиад, Улсын аварга зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Мөн хөдөлмөрчид, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх сурталчлах зорилгоор олон нийтийн байгууллагуудтай хамтран “нийтийн кросс гүйлт”, “майн буухиа гүйлт”, “гүйгчдийн өдөр”, “олон өдрийн гүйлт”, “Олимпийн өдөр”, “хөнгөн атлетикчдийн өдөр”, зэрэг нийтийг хамарсан томоохон арга хэмжээг уламжлал болгон зохиож байна. Улаанбаатар хотын АДХГЗ-ны гишүүдийн хурлын 1984 оны 41/72/228 дугаар тогтоолоор Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багануур зэрэг дүүргүүдэд биеийн тамир спортын хороод болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна.

Ардын Хувьсгалын 18 жилийн ойгоор зохиогдсон улсын чанартай уралдаан тэмцээнийг эс өгүүлбэл 1940-д оны үеийг хүртэл зөвхөн аймаг хотын төвд уралдаан тэмцээн явагдаж байжээ. 1946 оны 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяраар 3000 залуусын жагсаал, гимнастикийн тоглолтоор  эхэлсэн улсын анхдугаар спартикиадын хөнгөн атлетикийн уралдаанд эмэгтэй, эрэгтэйчүүдийн 100м, 300м, 1000м, 4×100м, 4×200м-ийн буухиа гүйлт, урт, өндрийн харайлт, бөөрөнцөг, зээрэнцэг, гранат шидэлтийн төрлөөр явагдаж 232 тамирчин оролцож байв. Спартикиадын арга хэмжээ нь спортыг төв орон нутагт хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1946 оноос Улсын биеийн тамирын төв зөвлөлөөс спартикиадад өндөр амжилт үзүүлж түрүүлсэн тамирчдад “Тэргүүний сайн биеийн тамирчин болохын төлөө тэмэгтүн” гэсэн уриатай сайшаалын үнэмлэх /зураг БНМАУ рекорд/, Улаанбаатар хотын рекорд цолоор шагнаж байх болсон юм. 1946 оны 7-р сарын 23-нд Улсын Биеийн Тамирын Төв Зөвлөлөөс өндөр амжилт гаргасан тамирчдад БНМАУ-ын рекорд амжилт цолыг анх удаа олгожээ. Үүнд: М.Гончигжав, С.Бавуу, Ц.Дугарсүрэн, Ядамцоо, Ц.Ишханд нар шагнагджээ.

Биеийн Тамир спортын хэргийг эрхлэх хорооны тэргүүлэгчдийн 1952 оны 4-р сарын 26-ны хурлаар хөнгөн атлетикийн хэд хэдэн төрөлд МУ-ын рекорд амжилтыг албан ёсоор анх баталсан юм.

1952 онд баталсан Монгол улсын анхны рекорд амжилтууд

Эрэгтэй

Зай төрөл Амжилт Тамирчны нэр Байгууллага Он
100м 12,0 сек Даваасүрэн Хүч 1951
1000м 2,42,0 сек Өлзийбат Архангай 1946
3000м 10,07,0 сек Дорж Цэрэг 1946
10000м 31,01,0 сек Тарваа Цэрэг 1950
4×200м 2,15,0 сек Агваандугар ахлагтай баг Хүч 1948
4×400м 4,07,0 сек Агваандугар ахлагтай баг Хүч 1951
Өндрийн харайлт 175 см Агваандугар Хүч 1946
Уртын харайлт 6м 40см Агваандугар Хүч 1951
Зээрэнцэг 35м 30см Батсуурь Хүч 1951
Бөөрөнцөг 11м 11см Дорж Хүч 1951
Гранат 67м 20см Бат-Очир Хүч 1950

Эмэгтэй

Зай төрөл Амжилт Тамирчны нэр Байгууллага Он
100м 15,2 сек Дулмаа Хүч 1951
500м 1,38,0 сек Долгор Цэрэг 1949
800м 2,40,0 сек Цэвгээ Ард 1951
4×100м 1,12,4 сек Сосорбарам ахлагчтай баг Хүч 1950
4×200м 3,19,4 сек Дулмаа ахлагчтай баг Хүч 1951
Өндрийн харайлт 117 см Долгоржав Хүч 1951
Уртын харайлт 441 см Цэрэндулам Соёл 1951
Зээрэнцэг 21м 90см Төмөр Цэрэг 1951
Бөөрөнцөг 8м 00см Мядаг Хүч 1951
Гранат 31м 25см Цэвээндолгор Хөвсгөл 1951